Жил хагасын тойм

Манай төв анх бүжгийн танхимд үйл ажиллагаагаа эхэлсэн. Нэг хана нь бараг тэр чигээрээ толь, хойморьт нь сараал өнгийн том хөшиг зүүж, хөшигнийхээ наад талд сурын харвааны бай зүүчихсэн, харвааны бэлтгэл хийдэг бололтой. 70 митр талбайтай гонзгой хэлбэрийн танхим. Надад хангалттай том, хэмжээг нь тооцож үзвэл хямдхан, сарын 1 сая төгрөгний түрээстэй, гэрээс 10 минут алхах зайд байрладаг, байрлал нь ч дажгүй. Багахан сул талууд байсан л даа, ханын эсгий хавтангууд халтайчихсан, ер нь нэлээн хүйтэн, хуучны халаалтын фарнууд нь сайан ажиллахгүй, үе үе халаалт зогсчихно. Коридорын гэрэл бас л үе үе унтарчихсан, харанхуй хонгилоор явж манайд орж ирнэ.
Түрээсийн гэрээ хийсэн өдрөө Ikea загварын 10 ширхэг сандал худалдан авч, оройжин угсараад дуусахад шөнийн 12 цаг өнгөрч байлаа. Гэртээ харьж хоноод, өглөө нь стратеги боловсруулахаар суулаа. Яаж Ярилцлагын төвийнхөө үйл ажилагааг хүмүүст хүргэх вэ? Яаж хүмүүсийг авчирах вэ? Яаж энэ удаан бодсон ажил хэргээ шантралт, шаталт болгочихолгүй хөгжүүлэх вэ? Эдгээр асуултыг асууж суусан өдөр тэр өдөр 2024 оны 1 сарын 5 байсан. Энэ өдөр шийдсэн хоёр чухал шийдвэрийг нэг нь нэр: Чөлөө төв. Чөлөө төв гэсэн нэрийг илүү тодорхой болгож "Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын Чөлөө төв" пэйждээ нэр өгөв.
2 дахь чухал шийдвэр маань Лайв хийх байв. Өөрийн яагаад энэхүү төвийг байгуулах болсон, Сэтгэл зүй ямар нөхцөл байдлыг туулж, ямар сэдэл санаагаар ийм ярилцлагын үйл ажилалгаа эхлэх болсон тухайгаа ний нуугүй, эрс илэн далангүй байдлаар илчлэн цацахаар шийдсэн.
Ингээд хувийн сошл хаягт лайв хийж, "өөрийн талаар маш олон зүйлийг нээлттэй шулуухан ярьна, ойр тойрны хүмүүс минь битгий ихээр эмзэглэж хүлээж аваарай, эмзэглүүлэх бол та бүхнээс багахан уучлал гуйя" гэсэн мэдэгдэл маягийн мэдээлэл өгсөн. Харин Чөлөө төвийнхөө пэйжээр 10 цуврал лайв хийхээ зарлаж, өөрийн эмзэг бодит үнэн байдлаа 10 сэдэв болгон өдөрт нэг хоёр удаа лайв хийж байлаа.
Тэр үед лайвуудыг цөөхөн хүн үзэж, ойр тойрны хүмүүст сэтгэл зовнисон, цочирдсон, гайхсан байдлаар хүлээж авч байв. Лайв үргэлжилсээр, Ядуурал, ажилгүйдэл, ганц бие байдал, Үл хэрэгжсэн хүсэл эрмэлзлүүд, сексийн асуудал гэхчилэн өөрийнхөө тухай хамгийн эмзэг, хөндүүр зүйлээ хуваалцан хүмүүсийг надтай ирж ярилцаач хэмээн урьж байлаа.
Анхны бүлгийн ярилцлагууддаа нэр өгч, фэйсбүүк дээр эвэнт үүсгэсэн юм.
"Оршихуйн хямрал" гэсэн нэртэй яриллагад 4 хүн ирж 5-уулаа хэдэн цаг ярилцаж, дундуур нь бүжиглэн дулаацаж байж билээ.
Оновчтой болсон нэг ажил маань хэвлэл мэдээллийн хэдэн байгууллагаруу утасдаж, өөрийн эхлүүлсэн ажлынхаа ач холбогдлыг танилцуулж, бяцхан инфографик болон пэйжийнхээ линкийг явуулсан.
Тэднээс анх ikon.mn сайт манай мэдээллийг мэдээ болгон нийтэлсэн байжээ.
Ингээд манай төв богино хугацаанд цөөнгүй хэвлэл мэдээллийн байгууллагын анааралд өртлөө.
Ярилцагчдын тоо ч өсч эхэллээ. Хүйтэн танхим гадуур хувцастайгаа хүмүүс ярилцаж, гараа бээлий дотроо хийгээд суух тохиолдол ч гарч байв. Гэхдээ ярилцлагууд сэтгэлд тухтай үргэлжилж, завгүй өдрүүд урссаар.
Манай ярилцлага бүрэн үнэ төлбөргүй явж байлаа. Оройн цагаар төлбөртэй ярилцлага хийхээр төлөвлөсөн ч өдөржингийн ярилцлага маань хангалттай орой болтол үргэлжилдэг байлаа. Өдрийн 1 цагаас ярилцлага эхэлж, хүмүүс цувран ирж, зарим нь зөрж яван бүлгийн ярилцлага заримдаа тасралтгүй 7-8 цаг үргэлжилж байв. Зарим өдөр бас хүн ирэхгүй, эсвэл ердөө ганц хүн ирнэ. Ганц ирсэн хүнтэйгээ тасралтгүй 5 цаг ярьсан тохиолдлууд ч байв. Үйл ажилллагаа эхлээд сар гарай болж байхад нэг асуудал гарсан нь дээд давхарын засварын ажлын дуу чимээ. Энэ асуудлыг ярилцлага тасалдуулж, зарим өдөр үйл ярилцах боломжгүй болгож, улмаар түрээсийн гэрээгээ цуцлахаас аргагүй болов. Ингэж ярилцах Чөлөө төвийн анхны хуудас эргэж, 10 сандллаа дүүгийнхээ машины ард угсарч хийчихээд шинэ байршил хайж цааш үргэлжиллээ.
Манай төв 6 сарын хугацаанд 5 байршил сэлгэлээ. Ирж ярилцлсан хүмүүсээсээ хандив хүсч, ханадаа дансны дугаараа бичээд наадаг байсан боловч, түрээсийн зардалд хүрэлцэхээр биш байлаа. .Үе үе нэлээн хэд хоногоор үйл ажиллагаа явагдах байр, байршилгүй болж байв. Гудамжинд сандлуудаа тавьж суугаад, хажуугаараа явж буй хүмүүсийг урьж ярилцдаг ярилцлагууд хийв. Ярилцлагаа Гүнзгий ярилцлагын хөдөлгөөн гэж нэрлэмээр санагддаг байлаа. Чөлөө төв маань ТББ болон бүртгэгдэж Ярилцах чөлөө төв болов. Төвийнхөө үйл ажиллагааг таниулахын тулд чадах чинээгээрээ үйл явдлуудад оролцож, хэвлэл мэдээлэлтэй харилцах идэвх гаргав. Энэ үед хувийн амьдралд ч бас бужигнаантай үйл явдал тохиолдов.
Төвийн 2-р улирал дуусч байв.

2024 оны 6-р сараас эхлэн бямба гарагийн ярилцлагаас бусад бүх ярилцлагаа 20мянган төгрөгийн төлбөртэй болгов. Олон нүүж байршил өөрчлөгдсөн, баяр наадмууд тохиосон, хүмүүс хөдөө гадаа явсан зэргээс шалтгаалж ирж ярилцах хүмүүсийн тоо нэлээн цөөрсөн байлаа. 7 сарын эхэнд түрээсийн зардал ихтэй оффис өрөө түрээслэн авлаа. Хүмүүсийг хүлээх зуураа ажил бизнес явж байхаар тооцож, 30митр талбайтай тавилгатай оффис түрээслэсэн маань зарим талаар алдаатай шийдвэр байлаа. Энэ үе бол манай төвийн 3-р хуудас, 3-р улирал эхлэж байгаа үе аж.
Зун санаачилсан ажлууд маань үр дүн муутай, хүмүүс идэвхгүй хий эргэсээр л байв. Санхүүгийн ачаалал өсч, зардал хуримтлагдсаар байв. Найзтайгаа хамтран хийхээр ярьсан технологийн бизнес төсөл амархан мөнгө олохооргүй байлаа. Энэ үед шинээр бий болсон зүйл бол Ганцаарчилсан ярилцлагын цаг өгч, түүнийгээ 30мянган төгрөгөөр үнэлэх болов. Яг үнэндээ цагт 30мянгаар хүнтэй ярилцана гэдэг өмнө байгаагүй боломж, өндөр үнэлгээ байлаа. Зөвхөн ганцаарчилсан ярилцлагаар ч түрээсээ төлчихөж болохоор санагдаж байв. Өдөрт 1-3 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж байлаа. Ганцаарчилсан ярилцлага гэж нэрлэсэн зүйл маань Сэтгэл заслын шинжтэй болж, зарим тохиолдолд зөвлөгөө өгөх, бүр хамт бясалгал хийх, бясалгалын арга техник заах нөхцлүүдийг ч бий болгов. Ажлын орчин, бясалгал сэтгэл заслын орчин холилдож байгаа нь тухгүй санагдах тохиодол байсаар, ахин нэг өрөө нэмж түрээслэлээ. Тэр өрөөндөө зөвхөн бясалгал, сэтгэл засал, ярилцлага явуулахаар төлөвлөж, ариун сүм мэт санаж байлаа. Бясалгалын сургалт явуулахаар төлөвлөж зар гаргалаа. Энэ миний хувьд том шийдвэр, том алхам байлаа.
2024 оны 9-р сарын 3-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин Монгол улсад айлчлан ирлээ. Энэ өдөр би Дайныг эсэргүүцэн No war гэсэн бичиг духан дээрээ бичиж, үзэл бодлоо илэрхийлэн алхаад цагдаад баривчлагдан саатуулагдав. Хэнд ч гэм хүргэлгүй үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хэдэн цаг саатуулагдсаны эцэст, тайлбаргүй суллагдсан. Баривчлагдах үеэр би лайв хийж алхсан бөгөөд, өөр бусад хэвлэл мэдээллийг хараад өртөж, нийгмийн хурц шүүмжлэл, талцал дагуулсан асуудлын нэг хэсэг болсон байв. Намайг эрс буруутгасан, үзэн ядсан, доромжилсон постууд, коммент маш болон байлаа. Энэ үйл явдалд би ярилцлагын актизмаар хариу барив. 9-р сарын 4-нд Сүхбаатарын талбайд сандалтай суулт зарлаж, Путинийг монголд ирсэнтэй холбоотой болон Хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг талаар, магадгүй намайг шүүмжилсэн буруутгасан хүмүүсийг ч надтай хамт суугаад ярилцахыг уриалав. Сүхбаатарын талбай дээрх тойруулж тавьсан сандал дээр минь олон сонирхолтой хүмүүс ирж, таарч ярилцан, өдрийн төгсгөлд Цагдаагийн ерөнхий газарын дэд дарга эмэгтэй өөрийн биеэр ирж цагдаагийн газрын алдаатай ажиллагааны өмнөөс албан ёсны уучлал хүсэв.
Нийгэм улс төрийн сонирхол идэвхжихийн хажуугаар Ярилцах чөлөө төв, мэргэжлийн сэтгэлзүйч ажилд авахаар болж, дадлагажигч оюутнууд авч, ганцаарчилсан ярилцлагыг төлбөрийг 60мянга болгож, бясалгалын сургалтынхаа зарыг түгээж байлаа.

10-р сарын нэгэн өдөр 2 дараалсан цохилт ирлээ. Сэтгэл зүйн мэргэжлийн бус хүн гэсэн агуулгатай шүүмжлэл хальт таних Сэтгэлзүйч бүсгүйгээс өгөө нь ирэв. Орой бүр илүү хүчтэй цохилт. Бясалгал заах эрхтэй юу, бясалгал заах төвшинд хүрсэн үү гэх асуулт, шүүмж илүү ойр дотны хүмүүсээс ирэх. Бясалгалын багш болон бясалгал хамт хийсэн найз нөхдөөс ирсэн хатуу сануулга байв. Эргээд харахад ажил үйл, амжилтын хүсэл шуналд автаад цөөнгүй алдаа гаргасан байлаа. Хувийн амьдрал, хувийн харилцаан дээрээ олон алдаа хийж яваа, амбиц шунал хүсэлд автсан хүн бусадтай ярилцаад ойлголцож болох боловч, бясалгалын буюу гүнзгий төвшинд хүнд чухал нөлөө үзүүлж, зөв чигт чиглүүлж чадах байсан уу?

Өнгөн дээрээ асуудлаа ийн хүлээн зөвшөөч байсан ч, багшдаа гомдох сэтгэл төрлөө. Үйл ажиллагааны идэвх эрс суларлаа. Бясалгал заах тухайгаа шийдвэрээ цуцалж, түрээслэсэн том өрөөнүүдээ буцааж өгөөд, хамгийн жижиг 10митр талбайтай өрөөндөө үлдлээ. Хүмүүсийг ирээрэй, ярилцаараа гэдэг мэдээлэл сурталчилгаа маань эрс багасаж, ичээндээ орсон мэт байдалд шилжив. Долоо хоногт 4 удаагийн ярилцлага явагдаж, өөрсдөө холбогдсон цөөн хүмүүс ирж оролцож байв. Гэрт хувийн ахуйн асуудлууд байлаа. Үйл ажилагаа намжих нь зөв ч байсан юм шиг. Өөртө ажиллах, бясалгах, сэтгэл зүйн асуудлууынхаа учрыг олох оролдлогууд хөвөрсөөр шинэ онтой золголоо.

Шинэ онд ямар ч төлөвлгөө зорилго тавьсангүй. Цөөн хүнтэй чанартай ярилцлага хийж, ярилцдаг хүмүүсээ хамруулсан клубууд үүсгэх тухай л бодож байлаа. Шинэ оны эхэнд ажил үйл намжуухан байлаа. Хааяа нэг лайв хийнэ. Ганцаарчилсан ярилцлага сарда хэдэн удаа авна. Бямба гарагт үнэ төлбөргүй ярилцлага явна. Түрээсийн дарамжгүй жижигхэн өрөөнд хэдэн сандлаа тавьчихсан, номын шүүгээгээ номоор дүүргэж, бичгийн ширээ зэхчихсэн, ихэвчлэн таньдаг мэддэг хүмүүс ирж албан бус яриа өрнүүлж удаан сууна. Оны эхний улирал урсгалаараа өрнөж хавартай золголоо.

Бямба гарагийн үнэгүй ярилцлагаа ч бас цуцаллаа. Долоо хоногийн 3 оройн хийгддэг ярилцлага маань үе тасалдана. Хааяа 2-3 хүн ирж ярилцана. Хааяа хүлээж суугаад ч хэн ч ирэхгүй. Хүн хүлээн суудаг хаврын үдшүүд урссаар. Үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хүч байхгүй хэвээр л байлаа. Өнгөрсөн жилийнх шиг олон үйлдэл, туршилт, харилцаа холбоо, санаа, цаг зарцуулалт байсангүй. Харин өнгөрсөн жилийн зуны ажил хэрэг ахисан төвшинд хэрэгжиж эхлэв. Гол цаг, хүчээ технологийн ажил дээр тавьлаа. Ярилцах чөлөө төвийн үйл ажиллагаанд технологи нэвтрүүлэх ажил эхлэв. Вэбсайттай боллоо. Вэбсайтдаа цаг захиалгын систем, төлбөр тооцооны системтэй боллоо. Хийлмэл оюунт туслахтай холболоо. Энэ дижиталчилт тохиолдлын зүйл байсангүй. Би Ярилцах чөлөө төвийн философи алсыг харааг өнгөрсөн жил нухацтай тодорхойлж байсан юм. "Хүн хоорондын, нүүр тулсан, сэтгэл мэдрэмжээ илэрхийлсэн гүн гүнзгий харилцааг хадгалж хөгжүүлэх" гэсэн алсын хараа маань технологийн шинэ эрин, соёлын өөрчлөлтийг тосч хэрэгжүүлж үйл хэргийн суурь юм. "Хүн хоорондын харилцаанаас үнэлшгүй үнэ цэн үүсдэг" гэсэн үндсэн үзэл баримтлал ч бий. Эдгээр философи суурийг өнгөрсөн жил нэгэн үйл ажиллагаан дээр илтгэл болгон тавьж, танилцуулж байсан юм.

Ингээд харахаар намжмал тогтуун байдалд орсон Ярилцах чөлөө төв урагшаа том алхлаа. Технологийн сонирхолтой шинэчлэлүүд хийлээ. Сарын өмнө манай хиймэл оюунт цаг захиалгаар анхны ганцаарчилсан ярилцлагын хэрэглэгч цагаа баталгаажуулж төлбөрөө төлсөн. Хиймэл оюун, Ярилцах чөлөө төв хоёр эсрэг тэсрэг зүйлс огт биш. Манайх хиймэл оюуны боломжийг ашиглаж Хүн хоорондыг гүн гүнзгий харилцааны үнэ цэнийн талд зогсох болно. Өнгөрсөн 3 сар үнэхээр завгүй ажиллалаа. Ярилцах чөлөө төв дээр биш, технологийн, бизнесийн ажил дээрээ цаг заваа өглөө.

Энэ бичвэрийг бичээд Ярилцах чөлөө төвөө цаг хугацааны шулуун дээрээс харахад сонирхолтой байлаа. Хүмүүс, манайд ирж ярилцдаг хүмүүс л ярилцах Ярилцах чөлөө төвийн гол үнэт зүйлс юм байна. Үнэт зүйлсдээ анхаарах, тэднийгээ даллан дуудах цаг болжээ.